2020

Bilguun
5 min readDec 28, 2020

--

Аль зунаас л энэ нийтлэлийг бичмээр санагдаад, бодогдоод байсан юм. Ерөнхийдөө юуны талаар бичих ёстой маань тухайн үед маш тодорхой санагдаж байсан боловч, “За дөхүүлж байгаад тухайн үеийн мэдрэмжээрээ бичнэ дээ!” хэмээн хойшлуулсаар яг цаг нь тулаад ирсэн чинь ханаас нь эхлэхээ мэдэхгүй гайхаж сууна…

Ер нь бол яг одоо дотор минь маш олон зүйл мэдрэгдээд яг аль руу нь анхаарлаа хандуулахаа мэдэхгүйгээс л толгой маань гашилаад байж магадгүй.

Он гарахад хэдхээн хоног, Зул сар болоход 1 хоног үлджээ. Жилийн яг энэ улирал надад яагаад ч юм их дотно санагддаг юм. Магадгүй хүн болгон адилхан байх л даа… Энд тэнд гацуур, гэрлэн чимэглэл, янз янзын гоё баярын дуунууд гээд хэдий өвөл цастай хүйтэн ч цаанаа л нэг дулаахан. Хүмүүс гэр гэртээ гэр бүлээрээ хамтдаа гоё хоол хийж идээд л, зарим нь бэлэг солилцоод л, айлуудын цонхоор өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн гацуур нь харагдана.

Энэ цаг мөчид зүрх сэтгэл хамгийн дүүрэн байдаг юм шиг санагддаг.

Яг 1 жилийн өмнө өдийд шинэхэн тохижуулсан байрандаа Зул сараа хайртай хүнтэйгээ хамт гоё гаргана даа гээд итгэл найдвар дүүрэн догдлон байж тусдаа гарж байжээ. Тэрнээс хойш яг 1 жилд ямар их юм болж болдогийг ёстой л 2020 он харуулж өглөө. FUCK YOU 2020 гэмээр ч юм шиг… Харин ч эсэргээрээ THANK YOU 2020 гэмээр жил болох шиг боллоо. Цаг хугацаа л харуулах байхдаа.

Өөдрөг эсвэл оппортунист үзэл

Гутранги, өөдрөг болон оппортунист гэсэн гурван өөр төрлийн үзэлтэй хүмүүсээс тал устай стаканы талаар бодлыг нь асуухад гутранги болон өөдрөг хоёр хоорондоо маргаж эхлэв. Нэг нь стакан усыг хагас дүүрэн, нөгөөх нь хагас хоосон хэмээн маргалдаж байх хооронд оппортунист стакан усыг элдэв юм бодолгүй зүгээр л уучихсан гэдэг.

Энэ онд миний ойлгосон зүйл гэвэл, үгүй ээ өөрийнхөө дотор илүү тодорхой болгосон зүйл гэвэл цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Амьдралын галт тэрэг үргэлж урагшилсаар. Бүх зүйл хурдтайгаар шинэчлэгдэж хувьсаж байгаа ертөнцөд хүмүүс бид ч дагаад хурдан байх хэрэгтэй юм байна. Хурдан байснаараа нэг бол маш том алдана эсвэл маш том ононо. Болгоомжтой, сэрэмжтэй байна гэдэг ойлголт цаг хугацаа өнгөрөх тусам үгүй болоод байгаа ч юм шиг. Магадгүй хүний настай холбоотой юм болов уу? Амьдралдаа нэг шийдвэр гаргах гэж эргэлзсээр эсвэл яг тохиромжтой цагийг хүлээсээр, “За болно доо, болгоно доо!” хэмээн өөдрөг ч юм шиг, мунхаг ч юм шиг дотроо бодоод л байна. Эцэст нь эргэн тойрон дох нөхцөл байдлууд нь ч өөрчлөгдөн хувьсаж аль хэдийн нөгөө галт тэрэг нь хөдлөөд явчихсан гэдэгийг ойлгох тэр мөчид авах мэдрэмж бол хамгийн хэцүү.

Олон юм бодох тусам тэр нээлттэй хором багассаар…

Энэ жил миний хувьд маш том жил хэмээн бодож байлаа. Ажил карьер гэхээсээ илүү өөрийн гэр бүлээ бий болгох тал дээр л дээ. Харилцаагаа дараа дараагийн түвшинд аваачин одоо л амьдралаа эхлүүлнэ дээ гэсэн хүсэл зорилго дотор минь байсан боловч хэтэрхий passive байдлаасаа болж асуудалтайгаа нүүр тулан зоригтой тэмцэж чадалгүй худал найдвар, өөдрөг бодлоор толгойгоо дүүргэн хүлээсээр байгаад амьдралдаа томоохон хожигдлыг хүлээсэн юм.

Ego буюу бардам зан нь хүнийг алдаг

Ажлын талбар дээр ч тийм ч их амжилт ололтгүй байлаа. Ковидыг шалтаг болгомоор байгаа ч үнэндээ би өөрөөсөө л болсон л доо. 4-р сард MNB World-оосоо гарчихсан. Гараад алаад өгнө гэсэн мөн л адил хүсэл зорилго байсан боловч нэг л болж өгдөггүй ээ! TomYo, Unread Media, Among Heir Worthy гэх мэт эрч хүчтэй залуучуудаар дүүрэн, өсөлт хөгжлийн уурхай болсон газруудад ажиллах боломж гарч ирсэн боловч бас л болсонгүй. Юу хиймээр байгаа, юу хүсэж байгаагаа мэдэхгүй байх нь үнэхээр хэцүү, дарамттай, ойлгомжгүй. Өртөө муугаар нөлөөлөхөөс гадна эргэн тойрны хүмүүстээ ч муугаар нөлөөлөх гээд байдаг. Өөрийгөө олоогүйгийн гайгаас болж олон ч хүнийг гомдоож, урмыг нь хугалсан жил боллоо.

-Яагаад? Юунаас болчихов?

Гэсэн асуултуудыг өөрөөсөө тавин хариултыг нь хайхын хажуугаар өнөөх хариултаасаа эмээх нь элбэг. Хүн гэдэг ҮНЭН-ээс хамгийн их айдаг юм билээ. Өөрийн сул дорой байдлыг, дутуу бодсоноо хүлээн зөвшөөрөхөөс зайлс хийж, “Үгүй ээ, тэр үед тийм байсан юм чинь өөр аргагүй шүү дээ…” гэх мэт шалтаг тавин, бурууг өөр нэгэн рүү тохон үнэнээс зугтах нь ямар элбэг вэ гэдэгийг мөн энэ жил надад ойлгууллаа.

Бидний амьдралд нийт 8 талбар байдаг:
- Эрүүл мэнд
- Карьер
- Санхүү
- Хайр дурлал
- Гэр бүл, найзууд
- Хобби
- Бидний байгаа орчин
- Хувийн болон сүнслэг өсөлт

Эдгээр 8 талбараас аль нэг нь ямар нэг байдлаар алдагдсан тохиолдолд л бид амжилтад хүрч чаддаггүй юм шиг санагддаг. Мөн Масловын Пирамид-ыг бүгдээрээ мэдэх байх.

Maslow’s Pyramid

Дэлхий экологи доторх бүх зүйл бие биенээсээ хамаарч байдгийн адил бид бүгд хоорондоо харицан холбоотой байдаг. Тийм учир эдгээр талбаруудыгаа эргэн нэг нягталснаараа магадгүй чиний одоогийн асуудал яг хаанаа байгааг харуулж магадгүй юм шүү!

За тэр ч яахав…

2020 он хүн болгонд л том сюрприз барих шиг боллоо. Зарим нь ажил, бизнесээ адаж, зарим нь хайртай нэгнээ алдаж, зарим нь эсэргээрээ хурдан дасан зохицож байгаа нөхцөл байдлыг ашиглан шинэ зүйлсийн нээн илрүүлэн амжилтанд хүрсэн зөндөө жишээ байгаа.

Бүх л баатруудтай кино дээр гардаг шиг амьдралд хааяаа зоригтой давшилах үе байдаг. Хааяаа том ялагдлыг хүлээн унах үе байдаг. Гол асуулт нь бууж өгөөд нэг газраа зогсох уу эсвэл шороотой урагдсан өмдөө арчаад, хичнээн өвдөж байсан ч үргэлжлүүлэн давшилах уу?

Миний хувьд үнэхээр хэцүү жил байлаа. Хэцүү байсан ч ажил амьдралдаа хариуцлагатайгаар хандан аль болох өөдрөг байх гэж хичээсэн ч “Ишш энэ нэг юмны сүр сүлд нь хааччихсан юм?” гэмээр нурмайсан нь их. Тухайн үед яг ямар мэдрэмж, ямар үзэл хараа, prespective-тай байна түүнийгээ л дагасаар 60/100 буюу D үнэлгээтэйгээр энэ оныг үдэх нь. Гэсэн хэдийн ч эргээд харахад Би буюу Билгүүн нь энэ онд их зүйл ойлгож, ухаарч хувь хүн талаасаа илүү хүчтэй, дархлаатай болсон гэж бодож байна.

Өөрчлөлт бол зайлшгүй

Хүн, эд зүйлс, үзэл бодол, нөхцөл байдал заавал өөрчлөгдөн хувьсаж байдаг. “Одоо өнгөрсөн, тэгэх нь гарцаагүй, тэгчихсэн юм чинь одоо яав л гэж…” гэсэн өөрийнхөө доторх хязгаарлагдмал ойлголтоор л хэзээ ч бодож болохгүй! Би л ганцаараа энэ ертөнцийн төв юм шиг ойлгож хувиа хичээснээрээ бид ямар их үнэ цэнэтэй харилцаа, боломжийг алдаж байдаг бол?

Одоо 2021 ондоо алаад өгнө гэж бол хэлэхгүй. Гэхдээ өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа бүх зүйлд хандана гэдэгт бол итгэж байна. Карьер, гэр бүл, харилцаа, хобби, эрүүл мэнд гээд бүгдэд нь анхааран аль болох тэнцвэрийг нь барьж явахад суралцах болно. 2020 он санаснаар минь болоогүй ч 2021 ондоо өөрийгөө улам илүү нээн илрүүлэн жинхэнэ БИ буюу Билгүүнээ гэж яг хэн бэ гэдгийг мөн олохыг хичээнээ! Өдий насалж байж өөрийгөө олоогүй гэдэг ичмээр. Магадгүй энэ “Өөрийгөө олно” гэдэг ойлголт нь үхэн үхтэлээ бидний эрж хайн шинээр элрүүлж, мөн бий болгож байдаг, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ЗЭРЭГЛЭЭ байж болох юм.

--

--