Ковидын дараах эмчилгээ 😖 | 21 хоногийн self-care 🤓

Bilguun
3 min readOct 28, 2021
Photo by Markus Spiske on Unsplash

Ковид туслаа, эдгэрлээ, болоо. Ийнхүү юу ч болоогүй юм шиг амьдралын завгүй урсгалд ханцуй шамлан оров.

Яг туссан үедээ хүн болгон шиг л халуураад, амт үнэрээ алдаад, хэдэн хоног жаахан мяарч байгаад зүгээр болсон. Юуны магад гээд цээжээ үзүүлтэл бага зэрэг эмчилгээтэй гэлээ. Баахан эм уулаа 10 хоног яс тас гам барин уув. Бас болоогүй дасгал хөдөлгөөнөө санан эргээд gym-д явж эхлэв. Амихандаа л биеээ тордож байгаа нь тэр. Ажил амьдрал цэгцрээд яг гоё болж ирж байтал цээж хүндүүрлээд унав… Бүтэн амьсгаа авах гэхээр зүүгээр хатгуулж байгаа мэт өвдөөд шөнө унтахад ч хэцүү болов.

Сүүлд нь юунаас болчихов гэсэн чинь, дасгал хөдөлгөөн хийж байна гээд хүчтэй ачаалал өгсөнөөс болсон байв. Уушиг маань бүрэн эдгэрээгүй байсан байх нь…

1 хонолоо, дасгалаас болоод жаахан цочирдсон юм байлгүй дээ хэмээн өөрийгөө тайвшруулж харзнахаар шийдэв. Өдөр нь зураг авалт энэ тэр гэж гүйгээд нэг их юм мэдэгдсэнгүй. Гэтэл тэр шөнө нь хэвтэхэд хэцүү болж уушиг маань яг л цоорчихсон мэт өвдөж амьсгалахад хэцүү болоод ирсэн. Гайхаад, гайхаж дуусаад зүүдлээд ч байгаа юм шиг хэсэг хором босч суун (үүрийн 5 цагт өвдөөд сэрсэн юм) маргааш нь яаралтай эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй нь гэсэн шийдэлд хүрэв. Ганцаараа болохоор ч тэр үү жаахан санаа зовох, айх хоёр давхацсан байдалтай өглөө болтол унтахыг хичээлээ.

Тэр өглөө яаралтай эмнэлэг явж цээжний рентген зураг шууд авахуулав. Уушиг маань ямартай ч байрандаа байна аа… Санаа амраад л явчихсан. Гэтэл зургийг маань хэвлэж өгсөн сувилагч яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд намайг өрөөнөөсөө хөөх нь холгүй гаргалаа. Би ч айгаад яачихсан юм бол гээд мэдэхгүй ч өнөөх авахуулсан зургаа хартал манантсан, сонин толботой ч юм шиг ямар ч байсан эрүүл биш гэдэг нь илт байлаа.

Зүүн талын зураг өвчтэй | Баруун талын зураг эрүүл

2 цаг очерлож байж арай хийж ороод үзүүлтэл урд нь үзүүлж байснаасаа дордчихсон байсан. Яагаад гэсэн чинь ковид тусаад эдгээд 10 хоног эм ууж эмчилээд дараа нь 21 хоног гам барин ямар нэг хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийхгүй, нэг ёсондоо уушгаа цэвэрлэх ёстой байж. Тэрийг нь эмч маань дутуу хэлсэн, эсвэл би нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргачихсан байх.

Ийнхүү өмнөх эмчилгээгээ дахиж хийн одоо яг 21 хоног гам барих шаардлагатай болжээ. Нэг талаараа юм мэдэхгүй тэнэг гэмээр, нөгөө талаараа манай эмч нарын тодорхой бус тайлбарлалт (бас ойлгомжгүй бичигнээс болж) биеээ эвдэхээ шахжээ.

Энэ бүхнийг бичиж байгаа нь Ковид туссан л бол дараагийн эмчилгээгээ маш сайн анхааралтай хийхийг анхааруулах зорилготой юм. Цээжээ заавал харуулж, мэргэжлийн эмчид үзүүлж, хажуугаар нь цусны болон бусад юмныхаа шинжилгээг давхар өгөөд биеээ нэг мөр анхаарчихвал дараа нь над шиг зовохгүй юм даа. Залуу хүн болоод харин ч гайгүй байх шиг байна. Хөгшин настай хүмүүс харин хэцүүдэх юм байна!

Биеээ бодоорой өвөл болж байна шүү!

За тэгээд энэ 21 хоногт биеэ чагнаж зүгээр суухгүй ээ. Сүүлийн үед бүтээлч байдал маань эргээд сэргээд байгааг ч хэлэх үү нэг юм хийнэ байхаа. Тэрнээс гадна хэдэн зуршилыг амьдралдаа бий болгох гээд эхэлчихсэн байгаа. Atomic Habits by James Clear номыг уншсанаас хойш зорилго бус систем гэдэг зүйл рүү илүү анхаарах болсон. Тодруулбал, хүмүүс бид өөртөө янз янзын зорилго их тавьдаг. Жишээ нь, турах, дасгал хийдэг болох, баян болох гэх мэт. Ер нь зорилгыг маш чухал гэж боддог. Чухал л даа гэхдээ эдгээрт хүрэхэд тус болох илүү чухал зүйл бол систем гэж байгаа юм. Маш жижиг өөрчлөлтүүдийг хийснээр маш том үр дүнд хүрдэгийг энэхүү номонд үнэн гоё тайлбарласан байгаа.

Гэх мэтчилэн ном уншигч болмоор байна, тамирчин болмоор байна, энтрепренер болмоор байна, зөндөө хэн нэгэн болмоор байна. Яагаад ингэж бичээд байгааг энэхүү номноос олж уншаарай 😁

--

--