Сайн, Муу, Царай муут

Bilguun
3 min readFeb 23, 2022

Их хотын хаа нэгтээ гурван эвтэй найртай найзууд аж төрөн амьдарч байна. Яаж яваад нийлчихэв гэмээр инээдтэй гурван нөхдийн өдөр тутмын амьдрал тийм онцгой биш ч өөрийн гэсэн жижигхээн адал явдалтай гэхэд илүүдэхгүй байх.

Гурвуул хамт сүүдэр татуулах дор дайн болов.

Дээр үеийн зураг л даа… Тухайн үед дөнгөж бие биедээ дасаж байсан үе. Ер нь тэгээд амьтан ч бай хүн ч бай хамт байх тусам улам дасаж холдохоор нь санаж, ойр байхад нь бөөрөлхөж байдаг юм шиг. Сиси (манай шарков) Коко-г (манай ааш муут муурков) өдөж тоглох гэнэ. Заримдаа би ажилтай анхаарах завгүй үед уйдсандаа нэгнийгээ хань татаж байгаа нь тэр. Гэтэл нөгөөх нь өөртөө ойртуулахгүйээ. Хамагүй том биетэй болохоор жаахан чангадаад байдаг юм шиг байгаа юм. Хааяа хальт харахаар хөөрхөн наалдаад бие биенийхээ дулааны элчинд бүүвэйлэгдчихсэн хэвтэж байна.

Гэрт амьтан байхад тэр гэрт дутагдаад байсан халуун дулаан уур амьсгал нөхөгдөөд ирдэг юм шиг санагддаг. Амьтантай айлд яваад ороход л шууд хайр мэдрэгдэнэ. Хүн ер нь өөрийгөө л анхаарах биш бусдыг анхаарах тусам уужирч, амар тайван мэдэрч амьдралд нь жаахан ч гэсэн утга учир нэмэгддэг юм шиг...

Хичнээн арчаагаа алдаж, унаж бүдчин царай алдан явахад өнөөх намайг ширтэх хөөрхөн алаг нүднүүд өөрчлөглөөгүй хэвээр л. Ядарч, даарч гэртээ ирэхэд намайг ороод ирлээ гээд баярлан хөөрөлдөцгөөж (бас хоол нэхэж) байгаа нь хамаг хүйтний жаврыг үргээчих шиг л болдог.

Бурхан амьтадад хайрыг харамгүй өгчээ.

Эхлээд маш хэцүү байсаан… “Би яг юу хийчихэв ээ!?” гэж бодсон үеүд зөндөө. Амьтан тэжээхэд маш их зориулалт, тэвчээр, ухаан шаардагддаг. Мөн маш том хариуцлага юм. Ингэж хэлэхээр аймар сонсогддог ч яг үнэндээ үнэхээр их аз жаргал, баяр хөөр, эрүүл мэндийг эргүүлээд өгдөг. Өдөр болгон нохойгоо салхилуулах, муурныхаа үсийг самнах гээд арчилгаа, хайр, зориулалтаа дагаад эзэн нь өөрөө тэрэндээ тэжээгдэж байдаг юм байна.

Муурнаас айдаг, сэжиглэдэг хүмүүс зөндөө байдаг тэ? Гэтэл тэд чинь ийм хөөрхөн, тайван, амгалан амьтад юм байгаа юмшд. (хоолыг нь цагт нь өгч байвал :D)

Карантин, карантинаа дагаад хил хаалттай үед муур маань л хэцүүдсэн дээ. Элс нь олдохгүй бааж шээхдээ хамгийн нууц, нүднээс далд нуугдмал газар очиж бие засна. За тэдгээрийг нь олж цэвэрлэнэ гэдэг өөрөө том ажил. Үнэр танар бол бас л хурц шдээ. Гэхдээ амжилттай даваад гарсаан. Нохой маань тэр үеийн дараа ирсэн болохоор одоохондоо дутагдал, гачигдал гэсэн юмыг мэдэхгүй эрхийн балай нэг юм байж байгаа.

Тэр нүдийг нь л харчих :D

Энэ нийтлэл дээр хайртай амьтадаараа гангарнаа яадаг юм. Мэдэхгүй хүмүүс бол шал илүү байгаадаа гэж бодно. Гэтэл цаагуураа, яг яс юман дээрээ зарим үед хэнээс ч илүү хань болж чаддаг… Үс ноос, хоол, баас шээснээс нь халширч ийм хайраар дүүрэн амьтай амьтдыг зарим хүйтэн зүрх сэтгэлтэй хүмүүс гудамд хячихдаг нь зүрх эмтэрмээр. Хүнээсээ л шалтгаалдаг юм байналээдээ. Хайраар тэжээвэл эргүүлээд бөөн хайраар булна. Тэгээд эсэргээрээ, ямар л олиг байв гэж.

Хааяа гэрийнхэдээ шоолуулдаг юм, “Дөрвөн хөлтэйгөөс хоёр хөлтэй рүү хэзээ шилжих вэ?”, “Амьтны хүрээлэнтэй болохоор шийдсэн үү?”, “Чамайг өвдсөн үед наад хоёр чинь эм авчирч өгөх үү?”, “Өлссөн үед чинь хоол хийж өгөхгүй шүү дээ…” гэх мэт.

Хамгийн хэрэгтэй үед минь хажууд минь байж, хамгийн хайр дутагдаж байх үед минь харамгүй, ямар ч шүүлтүүргүй хайрласан энэ хоёрыгоо юугаар ч солихгүй.

Цагаан сараар бар болох гэж үзэв.
Ажлын хамтрагч маань. Ажлаа хийж байхад гар дэрлэж хэвтэх дуртай :)

--

--