Юу ч хийхгүй байхаас эхэлье

Bilguun
3 min readOct 15, 2021
Photo by The Humantra on Unsplash

Би хааяа гэртээ юу ч хийхгүй (юм үзэхгүй, идэхгүй, уухгүй) суучихдаг. Надтай зөвхөн би болоод миний бодол минь л хамт. Заримдаа аймар, заримдаа завгүй олон бодлуудаа цэгцлэх амс хийсэн цаг болдог. Юу нь аймар гэж үү? Хүмүүс бид нар өдөрт 12,000–15,000 бодлыг боддог гэсэн судалгаа байна. Тэгвэл эдгээр бодлуудаас 80% нь сөрөг бодлууд байдаг гэхээр ойлгомжтой байгаа биз?

Үр бүтээмж, амжилт ололт, хэн нь илүү их ном уншсан, хэн нь шинэ бизнес эхлүүлэн амжилттай явна тэрийг дөвийлгөн шүтдэг одоогийн нийгэмд юу ч хийхгүй сууна гэдэг бараг нүгэл гэлтэй. Гэтэл дэлхий дээр алдартай хүмүүс гагцхүү эндээс л бүх санаагаа олж өөртэйгөө ажилладаг байх нь. Жишээ хэлбэл, Warren Buffett, Америкийн алдартай бизнесмэн, хөрөнгө оруулагч, филантропист хүн ажлын өдрөө ном уншиж, бодож, утсаар ярьж өнгөрөөдөг бол амралтын өдөр гэртээ хэдэн ч цагаар хамаагүй ТВ үзэж, хийх дуртай зүйлээ хийж өнгөрөөдөг байна. Тэрээр амжилтынхаа гол үндэсийг унших болон бодож суухтай холбоотой хэмээжээ.

Яг ийм хүнийг би бас өөрийн ойрын хүрээллээсээ мэднэ. Миний аав. Мэдэхгүй хүн гэртээ сууж байхыг нь хараад нэг их юм бодохгүй. Гол хийдэг юм нь компьютер дээрээ суугаад зураг янзлах эсвэл ТВ-ээр орос сувгийн мэдээ эсвэл баримтат кино үзнэ. Гэхдээ яг анзаараад ажиглах юм бол наанаа зүгээр хий дэмий юм үзээд сууж байгаа юм шиг боловч цаагуураа юм бодоостой байж байдаг. Юм хэлэх гэхээр эхлээд сонсохгүй, 2 дахин дуудуулж байж сая нэг юм анхаарлыг нь татна. Мөн унтахаасаа өмнө бүх л юмыг хамж бодож, төлөвлөж, төсөөлж байгаад унтдаг хүн. Одоо бодоод байхад ном уншиж байгааг нь би маш цөөхөн харсан, одоогийн интернет дээр байгаа энэ их нөөцийг англи хэлгүй учраас бидэн шиг ашиглаж мэдэхгүй. Тэгсэн хирнээ л маш их мэргэн ухаан, мэргэн шийдвэрүүдийг гаргаж, мэдлэг туршлагаар дүүрэн, заримдаа ямар ч хүнээс хавь илүү сэтгэн бодож чадаад байдгийг нь гайхдаг юм.

Энэ бүгдээс хараад байхад бид зүгээр л тайван суугаад элдэв юманд сатаарахгүй юмыг бодож тунгаахаа байчихсан юм шиг санагдаж байна. Допаминд донтчихсон юм л бол утсаа шагаагаастай, тэнд юу болж байна, энд нөгөө хэн яалаа хэмээн дотогшоо биш үргэлж гадагшаа чигэлсэн анхаарлын систем маань 3 секунд ч нэг юман дээр тогтохоо байжээ…

Хорвоо ертөнц биднийг, “Чи завгүй бай, аль болох олон юмыг амжуулж үр бүтээлтэй бай, бос, харай, үсэр!” гэж байгаа бол эсэргээрээ “Тайвшир, алив энд хэсэг суу хамтдаа бодъё. Бүү санаа зов, би чиний талд байна.” гэх үзэл санааг илүү сурталчилмаар байна. Энэ тал дээр дуу хоолойгоо өргөж байгаа нэгэн бол Oko D ах. Түүний хийж байгаа ажил бүр нь хүний дотогшоо чигэлсэн, яг юу нь чухал вэ гэдэгийг илтгэж өгсөн ажлууд байдагт нь талархадаг.

Дээр дурдсанчилан өөрийнхөө бодолтой нүүр тулахад хэцүү байдаг. Ялангуяа их юм боддог хүмүүс бол за тэгээд хорвоогийн бүх л юмыг хамж бодно шүү дээ. Өөрийнхөө дотор байгаа энэ нөөц бололцоог ашиглаж сурахгүй бол, мэдрэмж болон бодлоо хянаж, ойлгож сурахгүй бол хичнээн амжилтын хойноос хөөцөлдөөд нэмэр үгүй бололтой.

Бурханаас хүн болгонд өгөгдсөн бэлэг юм даа бидний оюун ухаан, бодол гэдэг. Ашиглаж суръя! Ойлгож суръя! Дадал, зуршил болгоё!

Заримдаа юу ч хийхгүй суух нь асуудлыг шийдэх гол түлхүүр нь байдаг.

--

--